Б.Энхбаяр: Сайд асан З.Мэндсайханаас асуулт асуух гэсэн боловч сонсголд ирсэнгүй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон  дөрвөн  багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Үүнд:

Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл;

Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл;

“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр 2016 он;

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл;

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 59 гэрчийг дуудсан байна.

Одоогоор "Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл" зээлийн асуудлыг хэлэлцлээ. Энэхүү зээлтэй холбогдуулан гурван хүнийг гэрчээр дуудсан байна. ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, "Дорнод гурил" компанийн захирал Д.Өлзийбаяр, "Өег гурил" компанийн захирлыг дуудсан ч бие төлөөлөгчөө оролцуулж, З.Мэндсайхан, Д.Өлзийбаяр нар ирж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Шинжээч дүгнэлтдээ:

Засгийн газрын 2020 оны 180 дугаар тогтоолоор Хүнсний хомсдол үүсэх, үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаан буудайг импортлоход шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн Банкны эх үүсвэрээр олгохоор болжээ. 

Хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдээс

"Од групп" ХХК 64.08 хувь

"Хангай миллс" ХХК 80 хувь

"Ерэн цагаан" ХХК 42.56 хувь

"Дорнод гурил" ХХК 99.67 хувийн гүйцэтгэлтэйгээр хүнсний улаан буудайг импортолсон байгаа юм. 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд арилжааны гурван банктай "Дамжуулан зээлдүүлэх гэрээ" байгуулан таван дэд төсөлд 20.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон нь хугацаандаа бүрэн төлөгдсөн гэдгийг хэллээ. 

Үүний дараа Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сайд асан З.Мэндсайханаас асуулт асуух гэсэн боловч ирсэнгүй. Энэ зээл дээр "Өег гурил" компани 4.5 тэрбум төгрөгийг гадаад биш дотоод компаниуд руу шилжүүлсэн гүйлгээ хийгдсэнийг шинжээч хэлсэн. Гэрчүүд ирээгүй учир дараагийн асуудлаа хэлэлцье" гэсэн юм.