МАЛЧИД: Манай улс зөвхөн уул уурхайгаар хөгжих үү, малчин хүний амьдрах эрх гэж ер нь байна уу?

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчин иргэд, нутгийн удирдлагууд өнөөдөр /2023.03.13/ Улаанбаатар хотод ирж, Худалдаа хөгжлийн банкны эзэн (олны мэддэгээр “Сахал” хэмээх) Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин олгосон лицензийн талаар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурум металс” ХХК-д 2015 онд алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин усны сан бүхий газар, улсын отрын бүс тусгай хэрэгцээний газартай давхцуулж, иргэдийн саналыг авалгүйгээр олгожээ.

Д.Эрдэнэбилэг нар 2015 оны 3 сард уг ашиглалтын лицензийг авсан даруйдаа 4 сард нь Улаанбаатар хотын банканд 16.0 сая, 2017 онд Худалдаа хөгжлийн банканд 26.0 сая ам.доллар /90.0 тэрбум төгрөг/-ын зээлийн барьцаанд тавьж, уурхайн хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр өөрөө өөртөө зээл олгожээ.

Тус лицензийн талбайд ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа явуулаагүй нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө угаасан гэмт хэрэг байх үндэслэлтэй гэлээ. Түүнчлэн уг ордын нөөцийг тодорхойлохдоо 2013 онд зөвхөн ганцхан цэгт 3 өрөмдлөг хийснээр тогтоосон гэх бөгөөд уг тайлангаа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан нь уг лицензийг мөнгө угаах хэрэгсэл болгох зорилгоор Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг хуурамчаар нэмэгдүүлэн, улсыг залилан мэхэлсэн байж болзошгүй гэж иргэд үзэж байна.

Иймээс малчин иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанканд гомдол гаргаж, Д.Эрдэнэбилэг нар болон төрийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдэв. Мөн ийм төрлийн уул уурхайн лицензийн луйвартай холбоотой асуудлаар өөрсөдтэй нь нэгдэхийг уриаллаа.

Хэвлэлийн хурлаар малчид “Манай улс зөвхөн уул уурхайгаар хөгжих замыг сонгосноо зарласан уу?”, “Монгол Улсад малчин хүний амьдрах эрх гэж бий юу?” гэдгийг асууж байв. Энэ мэтчилэн эмх замбараагүй, хууль бусаар олгогдсон уул уурхайн лицензийн балгаар өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа өвлүүлсэн эх нутаг, газар шороо луйварчдын мөнгө угаах хулгайн байгааг харамсан дурдаж байсан юм.

Түүнчлэн 2023.03.01-нээс Ашигт малтмал газрын тосны газраас бүх аймгуудад ашигт малтмалын хайгуул явуулахаар санал авах ажил ахин эхэлсний зэрэгцээ одоо хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуулиар тусгай хэрэгцээний газар, усны сан бүхий газар, ойн сан бүхий газруудад уул уурхайн олборлолт явуулах эрх нээгдэж байгааг санууллаа.