Б.Жавхлан: Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байна

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй U18 Хоккейн “Азийн аварга шалгаруулах” тэмцээн 2023 оны 3-р сарын 11-17 өдөр СТЕППЭ АРЕНА мөсөн өргөөд болж байна. Монгол Улс 2019 онд анхны олон улсын стандарт бүхий “Степпе Арена” мөсөн өргөөтэй болсоноор Олон улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой болсон юм.

Тус тэмцээний нээлтэд Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч, Олон Улсын Хоккейн Холбооны зөвлөх А.Мэргэн, Олон улсын хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч Аиваз болон бусад албаныхан оролцож байна.

Монгол улсад зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Иран, Узбекистан, Туркменистан гэсэн орнуудын азийн шилдэг зургаан баг тамирчид оролцож байна. U18 Хоккейн тэмцээнд 15-18 насны тамирчид оролцож байна. Багууд тойргоор тоглох бөгөөд баг бүр таван удаа тоглож хожлийн оноогоор АВАРГА тодорно.

Нээлтийн үеэр Олон улсын хоккейн холбооны Дэд ерөнхийлөгч Аиваз Оморканов “Монголын Хоккейн Холбоонд юуны өмнө талархал илэрхийлье. Монголын хоккейн спортоор хичээллэгсэд, сонирхогчдын хувьд монголд зохион буйгуулагдаж буй энэхүү тэмцээн нь шинэ ололт амжилтыг авчирлаа” гэв.

Мөн Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан “Эрхэм хүндэт Олон Улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Олон Улсын хоккейчдоо, Олон Улсын шүүгч, баг тамирчдаа, хүндэт зочдоо, нийт хоккейчдоо, спортын хөгжөөн дэмжигчдээ, та бүхэндээ энэ сайхан оройн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд ТАВТАЙ МОРИЛНО УУ. Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгаа бөгөөд Дэлхийн хоккейн холбоо Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласанаа талархсанаа дахин илэрхийлмээр байна. Мөн энэхүү олон улсын тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна. Тэмцээнд оролцож буй бүх орны баг тамирчид, дасгалжуулагчиддаа амжилт хүсье” хэмээв.

Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, туслах дасгалжуулагчаар Н.Мишигсүрэн, Ж.Баярсайхан нар ажиллаж байна. Өнгөрсөн удаагийн U18 Хоккейн Азийн аварга багаар Тайланд улсын баг тодорч байв.