Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар болон Хөгжлийн сангийн удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр тус улсын Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар болон Абу Дабигийн Хөгжлийн сангийн удирдлагуудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав.

1976 онд байгуулагдсан Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар нь 790 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэгээрээ дэлхийн баялгийн сангуудын эхний гуравт буюу Норвеги, БНХАУ-ын дараа эрэмбэлэгддэг.

Засгийн газрын үнэт цаас, тогтмол орлого, хувийн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, бусад зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг юм.

Абу Дабигийн Хөгжлийн сан 1971 онд байгуулагдсан бөгөөд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгодог байна.

Тус сан сүүлийн 40 жилийн хугацаанд 59 улсын 325 төсөлд 10 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулжээ.