Сангийн сайд Б.Жавхлан Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банканд албан айлчлал хийлээ

Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны төлөөлөгчид Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банк (АХБ)-нд албан айлчлал хийж, тус банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава, дэд ерөнхийлөгч Ахмед Саеид болон холбогдох газрын захирлуудтай уулзлаа.

Энэ үеэр Сангийн сайд Монгол Улсын 2022 оны төсөв, санхүүгийн гүйцэтгэл, тэр дундаа эдийн засаг, төсөвт гарсан эерэг өөрчлөлтүүд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн реформуудын талаар АХБ-ны удирдлагуудад танилцуулсан юм. Мөн 2023 оны макро эдийн засгийн төлөв, энэ онд амжилттай хэрэгжүүлсэн гадаад бондын өрийн зохицуулалт /Сенчири-2/ -ын талаар мэдээлэл өгч, тус банктай хамтран хэрэгжүүлж буй 2021-2024 оны стратегийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Цаашид шинээр боловсруулах дараагийн дөрвөн жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, энэ чиглэлээр төсөл, арга хэмжээний тоог нэмэгдүүлэн АХБ-ны хувийн хэвшилд олгох санхүүжилтийн хэмжээг тэлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар хоёр тал зөвшилцлөө.

Тус банкны удирдлагууд болон ажлын хэсгүүд ойрын хугацаанд Монгол Улсад ажлын айлчлалууд хийж, уулзалтын үеэр яригдсан асуудлуудаар судалгааны ажлууд эхлүүлэхээр болсон юм.