Тээврийн хэрэгсэлд RFID чип суурилуулах нь бидэнд ямар нөлөөтэй вэ

Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ чипийг өнөөдрөөс тээврийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй суурилуулж эхэлнэ. Тодруулбал, улсын хэмжээнд буй орон нутгийн 470,000 орчим, нийслэлийн 650,000 орчим тээврийн хэрэгслүүдээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах аж.

Түүнчлэн нийслэлийн төвийн бүсд байрлах зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн цэг, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антеныг суурилуулах аж.

RFID нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем тул тухайн чипийг суурилуулснаар тухайн иргэний тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг уг системээр шийдэх боломжтой аж.

Тухайн систем нь дараах давуу талтай аж. Тухайлбал

Иргэд өөрийн гар утсан дахь Smartcar, E-Mongolia зэрэг апп-уудаар замын нөхцөл байдлын мэдээллээ авдаг болно.

Зорчих хөдөлгөөнд оролцохдоо сонголттойгоор зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг заан хаана явж байгааг, хэдэн цагт ирэхийг, ямар ямар автобусанд сууж болох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг эдгээр апп-уудаар дамжуулж олгоно.

Шинээр хаагдсан болон түр хаасан замуудыг мэдээлэх гэсэн замын нөхцөл байдлын бүхий л мэдээллүүдийг авах боломжтой аж.

Түүнчлэн иргэдийн цахим сүлжээнд ярьж буй шиг хүний биед мэдээлэл дамжуулахгүй, зөвхөн зам болон төв уулзварууд дээр хэрэгжих байна.