“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна

Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй.

Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна.

Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог.

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,  НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй холбогдох албаныхан тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын старт-ап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан юм.

Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Метафорс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Үзэсгэлэнд 30 гаруй улсын 100 хотоос 300 гаруй компани оролцож байна. Компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, мөн хоорондоо харилцаа холбоо тогтоох гээд ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж байна. Бид “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ төсөл нь виртуал ертөнцөд харилцаа холбоо, үйлчилгээг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, манай металандад нэгдсэнээр аватараараа дамжуулан бүх үйлчилгээг нэг дороос хялбархан авах боломжтой. Түүнээс гадна компаниуд виртуал салбараа байгуулж, бизнесээ танилцуулах боломж ч нээлттэй. Манай металанд нь толин ертөнц гэдэг ангиллынх тул виртуал ертөнцөд авсан үйлчилгээ бодит орчинд хэрэгжиж байх юм.

Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард платформынхоо нээлтийг хийсэн. Зураглал сайтай, бодит мэт мэдрэмж төрүүлэх энэ ертөнцөд өөрийгөө төлөөлүүлэн үүсгэсэн аватараараа дамжуулаад та бусад хүнтэй харилцан, хотоор зугаалж, музей ч үзэж болно. Ингэхийн тулд “Metaland Metaverse” аппликейшн татаад и-мэйл хаягаараа үнэ төлбөргүй бүртгүүлэн, өөрийн аватараа үүсгэхэд л хангалттай.

Бид гуравдугаар сарын 30-нд “The Hu” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт товлож амжлаа. Бас манай компани хүртээмжтэй буюу дохионы хэлтэй метаверс концепцыг хэрэгжүүлж байна. Энэ талаараа ч арга хэмжээний үеэр танилцууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн арга хэмжээний оролцогч  "Фибо Глобал" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Манай компани 2018 онд байгуулагдсан, хоёр жилийн хугацаанд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч болж чадсан. Бид дата төвүүдэд зориулан үйлдлийн систем хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний гаргасан үйлдлийн системийг ашиглаад дата төвүүд илүү орчин үеийн мобайль, вэб аппликейшн хийх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд манай компани Казахстан Улстай гэрээ хийж, Төв Азийн зах зээлд гарах сууриа тавьсан. Үүлэн технологид суурилсан бизнесийн зах зээл бол дэлхийн хэмжээнд 10-20 хувийн өсөлттэй, Японд гэхэд л хоёр жилийн дотор 100 тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл болох төлөвтэй байна. Энэ зах зээлийн цаашдын чиг хандлага, технологи ямар түвшинд байгааг судлахаар ирсэн” гэсэн юм.

“Сити-Тек Токио 2023” арга хэмжээнд дэлхийн хотуудын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд, томоохон компаниуд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн салбарынхан тэргүүтэй 10 мянга гаруй хүн оролцож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС