Асаалттай зулаас гал алдаж, газ дэлбэрчээ

Өчигдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ дэлбэрч, гал алдсан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газраас шалгахад тус тоотод асаалттай байсан зулаас гал алдсан нь тогтоогдсон байна. Тухайлбал тус хороонд байрлах байрны долоодугаар давхарт асаалттай байсан зулаас гал алдаж, өрөөний дулааны шугам хэт халсны улмаас газ дэлбэрсэн байна. Улмаар доод давхрын айлын тааз цөмөрч, гадна зогсоолд байсан Toyota маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээр хагарсан шил болон эд зүйл унажээ. Дээрх ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд хэрэгт хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд, олон нийтийг ахуйн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.