Рок Р.Мөнхсайхан Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэнэ

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Энэ үеэр олны танил уран бүтээлчид энгэрээ мялаах юм. 

Тодруулбал, “Улаанбаатар” чуулгын дарга асан Р.Мөнхсайханыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнахаар болжээ. Түүнийг ард түмэн "Рок" Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү танина.

Тэрбээр анх 2003 онд сурталчилгааны салбарт "Жи" энтертайнмент студийг үүсгэн байгуулж, Монголын хамгийн топ клип, рекламуудыг хийдэг болсон. Р.Мөнхсайхан нь "Никитон" хамтлагийн "Хос хунгийн дууль", "Нандин шүтээн" дуу болон "Харанга" хамтлагийн "Шиврээ бороо", Хурд" хамтлагийн "Алив бос" зэрэг дууны зохиогч юм.

Мөн "Татар ажиллагаа", "Би чамд хайртай 2" гээд уран сайхны киног зохиож, Берлиний олон улсын "Алтан баавгай"наадмаас "Болор баавгай" хүртэж дэлхийн кино фестивалийн улаан хивсэн дээр алхаж байв.