Олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайн нээлт  маргааш болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болох гэж байна. Тодруулбал, байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив,  тусламжаар "360 градус" төслийн хүрээнд ийнхүү төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа юм.

Уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг фэйсбүүк шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж. Тус зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох аж.

Дашрамд дурдахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,“360 градус” төслийг санаачилагчид оролцох аж.