Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сангийн сайд Б. Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

• Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн бол Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

• Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр/AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.

• Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.

• Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

• Уур амьсгалын өөрчлөлт

• Жендерийн тэгш байдал

• Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ.

Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.