Н.Энхбаяр: Бид ард түмэндээ бэлэг болгож, шинэ Үндсэн хуулийн төслийг өргөн барьсан

Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг "Сүүлийн үед төсөлтэй сайн танилцаагүй байж ташаа мэдээлэл их явлаа. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Зөвлөлдөх уулзалтад орсон 70 хувь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Төр муу байгаа нь Үндсэн хууль тааруу байгааг харуулж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх парламентад ч байх ёсгүй. Ард түмэнд л байгаа.

Бид бүхэн багагүй хугацаанд санхүүгийн нэг ч дамжлэггүйгээр энэ хуулийг боловсруулж гаргасан. 1992 оны Үндсэн хуулиас бүх талаар илүү болсон гэж бид бодож байна. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орж, шүүгдэх ёстой.

Ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Үүний тулд шинэ Үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон засаглал мөн гэж оруулсан.

Улс төрчдөд хариуцлага тооцож огцруулдаг, тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тангарагтны шүүхтэй болох, ҮХЦ-ийг татан буулгаж Дээд шүүхэд нэгтгэх, олон намын тогтолцоонд шилжих, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт асуудлуудыг төсөлд тусгасан. Олонхийн саналаар гарсан саналыг энэ хуульд тусгасан. Харамсалтай нь 1992 онд батлагдсан хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттайгаар дайралт хийж байна" гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоонд шилжихээс өөр аргагүй байсан. Тиймээс нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжинэ гэж томьёолсон байдаг. Гэвч Үндсэн хуульд бичсэн тогтолцооноос болоод төр засаг хяналтаас гарсан. Төр засаг хяналтаас гарснаар ард түмний бухимдлыг төрүүлж байна. Тиймээс иргэн төвтэй үндсэн хууль хэрэгтэй байна гэдэг нийгмийн захиалга бий болоод байна. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг шинэ хуулиар солих нь хамгийн зөв гарц юм. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийх тунхаг бичигт гарын үсэгт зурсан. 

Мөн Ерөнхий сайд гурван гарц байгааг хэлсэн. Нэг нь, юу ч хийхгүй, энэ хэвээрээ байх. Нөгөө нь, өөрчлөлт хийх. Гуравдахь нь, цоо шинэ шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тус зөвлөгөөнд оролцож байсан хүмүүсийн 70 гаруй хувь нь шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Бид нэгдүгээр сарын 3-нд төслөө Ерөнхий сайдад өргөн барьсан. Үүний дараа гадаад, дотоодын хүмүүстэй харилцаж, шинжлэх унааны үндэслэлтэй Үндсэн хууль бий болгохоор ажилласан. Улмаар бусад улсын Үндсэн хуулийг судалж, тухайн улс орнуудын эрдэмтэдтэй холбогдсон. Хүмүүс Н.Энхбаяр коммунист дэглэм тогтоох гэж байна гэж хүмүүс хардана. Тиймээс элчин сайдын яамаар судлуулахаар өргөн барьсан. Гэхдээ энэ Үндсэн хууль хэрэгтэй эсэхийг ард түмэн шийднэ. Бид ард түмэндээ бэлэг болгож, энэ хуулийг өргөн барьсан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Одоогийн Үндсэн хуулинд Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учир өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оролддог. Ерөнхий сайд мөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оролддог. Тиймээс энэ давхардлыг арилгах хэрэгтэй" гэж ярьсан. Энэ давхардлыг арилгах нь шинэ Үндсэн хуулийн бас нэг зорилго байдаг. 

МАН, МАХН хоёр жилийн өмнө нэгдэхэд энэ асуудлыг ярьцгааж байсан. Байгалийн баялгийг ард түмэндээ өгчих юмсан гэдэг үүднээс "Баялагийн эзэн" лоозонтой орж байсан. Хоёр танхимтай парламентад иргэд нам бус зарчмаар орсон. Шинэ Үндсэн хуультай болох нийгмийн захиалга, хэрэгцээ байгаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд залуу хүний хувьд мэдрэмжтэй хандсан. Тэгээд "Намууд үүн дээр ажилла, бидний шүүмжлээд суухын оронд саналаа хэл. Та бүхний саналыг аваад ард түмнээрээ хэлэлцүүлье" гэсэн сайхан сэтгэлийг агуулсан. Ерөнхий сайд залуу хүн. Цаг үеэ мэдрээд дахиад нэг шинэ цаг эхлүүлэх гээд байна шүү дээ. Өөрөө шууд хэлчих гэхээр янз бүрийн байдлаар мушгидаг тул ард түмнээрээ хэлэлцүүлье гэсэн санаа. Тиймээс Ерөнхий сайд энэ ажлыг манлайлаасай гэж бид хүсэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч мөн адил.

Монгол Улсын Үндсэн хууль номыг тэрбумаар бус 7,8 сая төгрөгөөр 1000 ширхэг хэвлүүлсэн. Тэр мөнгийг би хувиасаа гаргасан" гэв.