О.Тулга финалд шалгарч Д.Ганболд, Г.Лундаа нар хүрэл медаль хүртлээ

“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд боллоо. Манай улсаас гурван боксчин өчигдөр тулалдаж 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга медалийн тулаанд Казахстаны Мусаммедсабир Базарбай Уулуг 3:2-оор ялж финалд шалгарсан юм. Ингэснээр тэрээр нэгдүгээр сарын 26-ны өдөр Узбекистаны Шахбоз Юнусалиевтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Харин 54 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд хагас шигшээд Филиппиний Жара Флинтэд 2:3-аар, 57 кг-д өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Гантөмөрийн Лундаа Тайландын Сухтет Саравутад 0:5-аар ялагдснаар хүрэл медалийн эзэн болж байна.