ХӨСҮТ:  БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе гэхэд тохиолдоно гэж тооцсон

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН 13 ХУВЬ НЬ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ
ШАЛТГААНТАЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.БАЙГАЛЬМАА:

-Нэгдүгээр сарын 9-ний байдлаар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад, гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлт буюу улбар шар түвшинд байна. Өвчлөл үүсгэж, давамгайлан илэрч байгаа вирус бол томуугийн В хүрээний вирус байна. Түүнчлэн А H1N1, томуугийн А хүрээний вирус давамгайлан эргэлдэж, энэ удаагийн томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН: Дэлхий даяар цар тахалтай нүүр тулаад яг гурав дахь жилтэйгээ золгож байна. Цар тахлын онош батлагдсан 657 сая хүн байгаагийн 6.6 сая нь харамсалтайгаар нас барсан гэсэн тоон мэдээлэл бий. Дэлхий дахинд Covid-19 цар тахал, ялангуяа омикроны давлагаа сүүлийн долоо хоногт 21 орчим хувиар буурсан мэдээлэл байна. Олон улсад дэгдэлт үүсгэж буй хувилбарыг авч үзвэл BA5 бөгөөд 63 хувьтай, ВА2-ын 2.75 гэдэг хувилбар BQ1 хувилбарууд дэгдэлт үүсгэж байна. Манай урд хөрш оны өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлээд цар тахлын талаарх тоон мэдээллийг бүрэн нийтлэхгүй байна. Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр, урд хөршид сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн, өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ долоо хоногт өвчлөл, тохиолдлын тоо 45 хувиар өссөн байна.

Covid-19-ийн шалтгаант 648 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 гаруй хувиар өссөн дүн. Урд хөршид дэгдэлт үүсгээд байгаа вирусын хувилбарын хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийн сорьцын мэдээллээр авч үзвэл 85 хувь нь омикроны BF7 гэдэг дэд хувилбар, 15 хувь нь BA5.2 гэдэг дэд хувилбар байна. Мөн маш олон дэд хувилбар урд хөршид дэгдэлт үүсгэж байна.

Барууны орны эрдэмтэд судалгаагаар, БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үе гэхэд тохиолдоно гэж тооцсон байна. Хоногт 7.7 сая тохиолдол бүртгэгдэнэ, үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн дээд түвшинд хүрч, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллууд хийсэн байна.

Манай улсад нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 10-аас бага болсон. Зарим өдөр 7, зарим өдөр 9 гэх мэтчилэн бүртгэгдэж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Covid-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэл зүйн эрэмбэтэй байна. Манай улсад BQ1.2 гэдэг дэд хувилбар 92.5 хувьтай, BQ1.1 гэдэг дэд хувилбар 2.5 хувьтай байна. BQ дэд хувилбар нийлээд 95 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. Үлдсэн 5 хувь нь BA5 гэдэг хувилбар байна.

Бид олон салбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Урд хөршид амаргүй байгаа учраас энэ нөхцөл байдал манайд яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийг ХӨСҮТ, Улсын онцгой комисс ЭМЯ, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, ХСҮТ, НЭМҮТ гээд олон салбар хамтарч, Covid-ийн эрсдэлийн үнэлгээг 29 дэх удаагаа хийсэн. Он гараад нэгдүгээр сарын 4-нд энэ эрсдэлээ үнэлсэн. Эхлээд эрсдэлийг түвшин ямар байна вэ гэдгийг, дараа нь үр дагаврын түвшин ямар байна вэ гэдгийг тооцдог. Эрсдэлийн үнэлгээгээр "өндөр эрсдэлтэй" гэсэн дүн гарсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Урд хил нээгдэхтэй холбоотойгоор манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал, эрсдэлээс гадна эдийн засагт ирэх үр нөлөө, олон улсын харилцаа гэх мэтчилэн олон талаас нь авч үзэж байж энэ шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж ойлгож байна.

Сүхбаатар аймагт урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийсэн тохиолдол гарсан. ЭМЯ-ны ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймагт ХӨСҮТ, ЗӨСҮТ, мэргэжлийн хяналт, ЭМЯ гэсэн олон байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Манай ХӨСҮТ нэгдүгээрт, дархлаажуулалттай холбоотой үйл ажиллагаагаар, хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн чиглэлээр оролцсон. Энэ нэгдсэн багийн дүгнэлт, тайлан албан ёсоор ЭМЯ дээр нэгтгэгдэж гарна. Манай Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал ЧИНБАЯР Сүхбаатар аймгаас тээвэрлэгдэн ирсэн долоон иргэний биеийн байдлын талаар мэдээлэл хүргэнэ.

"ХОЁР ИРГЭНИЙ ТАРИЛГА ХИЙСЭН ГАЗРААС ШҮҮС ГАРСАН, ҮРЭВСЛИЙН ПРОЦЕСС
ИЛҮҮ ЯВАГДАЖ БАЙНА"

ХӨСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Ц.ЧИНБАЯР:

-Нэгдүгээр сарын 9-ний 20.00 цагийн орчим бид Сүхбаатар аймгаас долоон иргэн хүлээн авсан. Энэ долоон иргэний хувьд тарилга андуурагдан хийгдсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. Гурав нь хуучин архаг суурь өвчтэй, гэхдээ архаг суурь өвчний байдал нь өмнөх түвшиндээ байна. Долуулаа тарилга хийсэн хэсэг газарт улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй. Хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвслийн процесс арай илүү явагдаж байгаа байдалтай байна.

Үзлэг шинжилгээгээр биеийн байдал нь хүнд гэж үнэлэхээр байдал байхгүй. Бид хүлээж авснаасаа хойш хавсарсан эмгэгтэй хүмүүсийн хавсарсан өвчний талаас нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр магадгүй андуурагдаж хийгдсэн тарилгатай холбоотойгоор суурь өвчинд нь сэдрэл өгөх вий, хүндрэл гарах вий гэдэг талаас нь болгоомжилж, онцгой анахарч байна. Хэсэг газрын буглаа, үрэвслийн үед авдаг арга хэмжээг стандарт журмын дагуу аваад явж байна.