Саудын Арабт хийх эхний тоглолтдоо Рональдо, Месситэй таарч магадгүй

Саудын Арабын клубт очсон Португалийн хөл бөмбөгийн од Кристиано Рональдо эхний тоглолтоо Францын Пари Сен Жермэн клубтэй хийж магадгүй болжээ. Францын энэ клубт түүний мөнхийн өрсөлдөгч Аргентины од Лионнел Месси тоглодог юм.

Пари Сен Жермен клуб нэгдүгээр сарын 19-ний өдөр Саудын Арабын нийслэл Рияад хотноо тус улсын Аль Насср, Аль Хилал клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсноо өчигдөр зарлажээ.

Аль Насср клубтэй Рональдо саяхан өндөр үнээр тоглох гэрээ байгуулсан билээ.Гэхдээ тэр нэгдүгээр сарын 22-ноос хойш Аль Насср клубийн бүрэлдэхүүнд албан ёсоор тоглож эхлэх юм. Учир нь Рональдо өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн Премьер лигийн Эвертон клубтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчийнхээ гар утсыг цохиж унагасан үйлдлийн улмаас албан ёсны хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээгээд байгаа. Шийтгэлийн хугацаа 22-нд өндөрлөж байгаа юм.

Францын Пари Сен Жермен клубийг Катарчууд эзэмшдэг бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагт хоёр хоног саатахдаа Саудын Арабт нөхөрсөг тоглолтод оролцохоос гадна Доха хотод ивээн тэтгэгчдээ дэмжих арга хэмжээнд оролцох юм байна.

Эх сурвалж: Associated Press