Машинд төрсөн ээжид эмнэлгийн зүгээс тусламж, үйлчилгээгээ үзүүлсэн

"Өргөө" амаржих газрынхан яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас нэгэн эх машинд амаржсан гэх мэдээлэл олон нийтийг бухимдуулаад байна. Тухайн үед ажиллаж байсан эмч, сувилагч нараас тодрууллаа. 

"Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа "Нэг эх, эмнэлгийн гадна машиндаа амаржсан гэх мэдээллийг 12 дугаар сарын 31-нд авсан. Тухайн үед ажиллаж байсан эмч, сувилагчаас бодитой мэдээлэл авч болно. Манай эмнэлгийн зүгээр харьяалал биш гэх шалтгаанаар олон дахин буцаасан явдал болоогүй гэдгийг ээлжинд ажиллаж байсан эмч сувилагч хэлж байгаа. Машинд төрсөн эхээс уучлал хүсэж байна. Тухайн ээж хувийн унаагаараа хүргэгдэж ирсэн. Тухайн эх эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Ээжийг зөөвөрлөх боломжгүй байсан тул эмнэлгийн ажилчид эмнэлгийн тусламж үзүүлэх багаж, хэрэгслээ аваад тусламж үзүүлсэн. Манай эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанд тухайн эмэгтэйн ээж нь гомдол гаргасан гэсэн. Гомдлыг шат, шатандаа шийднэ. Хүүхдийн аав болон төрсөн ээжийн сэтгэл зүйг дэмжиж, тайвшруулсан. Ээж нь гомдол гаргасан учир тухайн ээжийг тайвшруулж, охин болон зээгийнх нь биеийн байдал сайн байгааг мэдээлсэн. Гэхдээ үйлчлүүлэгчийн мэдлэг их чухал. Төрөлтийн процесс эхэлсэн бол аль болох эрт эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. 20:00 цагаас өвдөлт эхлээд, 10:40 цагийн үед ирсэн байсан. Бид хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. Аав нь эхнэрээ үлдээгээд, хүлээн авахад ирсэн байна лээ. Аав төрөх дөхсөн гэх мэдээллээ зөв өгсөн бол бид яаралтай арга хэмжээ авч чадах байсан" гэв.

Харин эх баригч эмч "Нөхөр нь орж ирээд, "Хүн үзүүлэх гэсэн юм. Машинд өвдөж байгаа" гэсэн. Тухайн хүнээс хаяг, даатгалыг нь шалгах гэтэл аав нь регистрийн дугаарыг нь мэдэхгүй байсан. Надад төрөх болчихсон гэсэн мэдээллийг өгөөгүй. Регистрийг нь асуух гэж гарсны дараа "хүүхдийн толгой цухуйчихлаа" гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн хэрэгслээ аваад гарсан. Машиныг нь олохгүй байсан. Машинд ороход хүүхдийн толгой цухуйчихсан байсан" гэв. 

Эмчлэгч эмчийн тухайд, "Төрөх ээж өөрөө ороод ирсэн бол бид төрөх дөхсөн эсэхийг нь хараад мэдэх боломжтой байсан. Манай байгууллагын зүгээс тусламж, үйлчилгээгээ үзүүлсэн гэж үзэж байгаа. Ээжийг машинд төрүүлээд, орж ирэх хооронд бид яаралтай тусламжийн жижүүрийн багаараа хүлээж авсан. Төрөх өрөөний эмч төрөх замыг нь шалгаад, дулаацуулсан. Нярайд мөн тусламж үзүүлсэн. Эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа. Машины хаалга нээгдэж, хаагдахад бага зэрэг жавар орсон. Гэхдээ машины хаалга дэлгээтэй байгаагүй. Аав нь өөрөө машины цонх, хаалгыг нээгээд байсан" гэв.