Олон улсын наадмуудад амжилт үзүүлээд буй “ТРИО” УСК Монголд нээлтээ хийнэ

“ТРИО” УСК 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ. “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй агуулгыг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь Тайландын олон улсын кино наадамд шалгарч, “Шилдэг кино” хэмээх Гранпри шагнал, Хойд Америкт жил болгон зохион явуулдаг "Palm Springs International Down Syndrome Film Festival" кино наадамд "Шилдэг зураглаач" гэдэг эрхэм хүндтэй шагналыг хүртээд буй.

Уг кино дауны синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах,  Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм.