С.Шаарийбуу: Шударга үнэн гэдэг заавал ялдаг гэдгийг ойлголоо

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан. Гэвч энэ хэрэг олон шалтгааны улмаас шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ сард болсон Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн хэрэг шийдэгдэж, гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гарсан юм.

Үүнтэй холбогдуулан талийгаачийн аав С.Шаарийбуу болон хэргийн өмгөөлөгч Б.Баяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр" Би хэвлэлийн хурлын өмнө охиндоо нэг минут хүндэтгэл үзүүлмээр байна. Энэхүү хэргийн араас миний бие маш олон жил тэмцсэн. Эцэст нь хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж явж ирсэн. Улмаар хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Хэрэгт холбогдсон этгээдүүд "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн юм. Харин хэрэг 2018 оноос байдал өөрөөр эргэж эхэлсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөх зүйлс ярьж эхэлсэн юм. Ингээд миний бие Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн юм. Гэхдээ тэр хүн "Энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй шүү. Чи тэвчээртэй байх хэрэгтэй" хэмээн хэлж байсан удаатай.  Ингээд бид эхэлсэн.

Бидний нэг туршлага дутсан зүйл бол ардчиллын эхний жилүүдэд манай Монгол Улс маш олон оронтой найз болсон. Юу юуны духанд хүрэлгүй визгүй зорчихоор тохирсны нэг нь Малайз байсан. Тэр газар руу бусад эрх зүйн гэрээгүй орон руу манай монголчууд гахайгаа үүрээд, машинд даараад, хураалгаж, зодуулаад, амь насаа алдаад явсан. Эрхзүйн гэрээгүй учраас тэнд хуулийн үйл ажиллагаа явуулах бололцоогүй олон орон байна.

Асуудал ингэж эхэлсэн. Тэр хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хуулийн дагуу, өмгөөлөгчтэйгөө тохирсон. Үүний дагуу одоо асуудлаа шийдвэл яасан юм бэ гэсэн.

ЗХУ-д манай гэр бүл олон жил амьдарсан тул миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан, англи хэлийг багаасаа сурсан, хятад хэлтэй. Монголдоо англи, орос хэлний мэргэжлээрээ сурсан.

Хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун санаа зүгээр, хөл, гарын хөдөлгөөнгүй байлаа. Гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж бариа хийлгэнэ, эм тан авч өгнө, уламжлалт эмчилгээгээр явдаг байсан.

Ингээд хөдөлж чаддаггүй хүүхэд хана түшээд явдаг болсон.  Түүнийгээ би бусад шиг гүйдэг, харайдаг болгоно гэж охин минь Малайзыг зорьсон юм. Тэр хүнд цагт эдийн засгийн болон бусад талаар би тусалж чадаагүй. Би жирийн л нэг багш хүн. Социализмын үед юм хурааж чадсангүй, улсаас өгсөн хоёр өрөө байртай л байсан.

Охин минь хүүгийнхээ төлөө явж байгаад баригдсан. Баригдахын урд өдөр цагдаад очиж мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Асуудал гарвал Багинда үүнийг шийднэ. Тиймээс ямар нэг юм болбол түүнд л дамжуулаарай гэж өөрийн гараар бичиж үлдээсэн байдаг.

Ийнхүү би хэргийн үнэн мөний төлөө зүтгэсээр байсан. Ингээд шүүх хурал эрчимтэй явагдаж хэрэг шийдэгдсэн. Энэхүү хэрэг бол шударга бусын хонгилын сонгодог жишээ юм. Авлига хээл хахууль гэдэг ингэж бугшиж явдаг юм байна гэдгийг бид харж болно. Малайз улсын тогтолцоо нь хэдэн эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөнд байдаг. Шашин, нутаг ус гээд бүх зүйл нь өөр байсан. Улмаар дээрх хүчин зүйлсээс болж хэрэг маш олон жил шийдэгдэлгүй явсан юм. Гэвч бид хэзээ нэгэн цагт энэхүү хэрэг шийдэгдэж үр дүнд хүрнэ гэдгийг мэдэж байсан. Та бүхэн минь хэргийн мөнгөн дүн буюу тоонд битгий ач холбогдол өгөөрэй. Би баярлахгүй байгаа. Учир нь үр хүүхдээ алдан гэдэг буцаад юугаар ч нөхөж орлуулж болохгүй гай зовлон байдаг. Ингээд цаашид би шударга үнэний төлөө шүгэл үлээх болно. Шударга үнэн гэдэг заавал ялдаг гэдгийг ойлголоо" гэлээ.