Аргентины шигшээ баг Хорватын шигшээ багийг 3:0 харьцаагаар хожлоо

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн шатны эхний тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын шигшээ багийг 3:0 харьцаагаар хожлоо.

Одоо Франц, Мароккогийн багуудын аль хожсонтой Аргентинчууд ирэх Ням гарагт аваргын алтан цомын төлөө тоглох юм.

Аргентины багийн од, 35 настай Лионел Месси 34 дэх минутад торгуулийн цохилтоор эхний гоолыг Хорватын хаалганд оруулсан бол үүнээс хойш 5 минутын дараа тус багийн залуу од Жулен Алварез хоёр дахь гоолыг оруулжээ.

Улмаар 69 дэх минутад Мессигийн гайхалтай дамжуулалтаар Алварез дахин нэг гоол оруулснаар Хорватын багийн найдвар тасарсан юм.

Аргентины шигшээ баг ДАШТ-ийг тун тааруу эхлүүлж, хэсгийн эхний тоглолтдоо дэлхийд чансаагаараа 51 дүгээрт эрэмбэлэгддэг Саудын Арабын шигшээд 2:1 харьцаатай хожигдож байв.

Өмнө нь ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо хожигдсон баг дэлхийн аварга болсон ганцхан тохиолдол байсан нь 2010 оны Испанийн шигшээ юм.

Сүүлчийн дэлхийн аваргадаа оролцож байх магадлалтай Месси ДАШТ-ий 25 дахь тоглолтдоо оролцож, 11 дэх гоолоо оруулснаар Габриэл Батистутагийн тогтоосон Аргентины шигшээ багийн дээд амжилтыг эвджээ.

Тэрбээр бас Германы Лотар Маттеустай энэ амжилтаараа эн зэрэгцэж байна.

Месси тоглолтын дараа “Бид Саудын Арабын шигшээ багт хожигдож ДАШТ-ийг эхлүүлнэ гэж огт бодож байгаагүй. Ийм байдалтай тэмцээнийг эхлүүлсэн нь манай багийн хувьд хүнд сорилт, дарамт байлаа. Дараа дараагийн тоглолт бүр бидний хувьд сүүлчийнх мэт байсан. Гэхдээ энэ хожигдол биднийг улам хүчирхэг болоход тусалсан юм” ярьжээ.

Хорватын багийн дасгалжуулагч Златко Далич “Тэр бол дэлхийн шилдэг тоглогч. Тэр аюултай, техниктэй, өндөр түвшний тоглолт үзүүлэх чадвартай. Бид харахыг хүсэн хүлээж байсан жинхэнэ Мессийгээ харлаа” гэж тоглолтын дараа өрсөлдөгчөө магтсан юм.