АТГ: Нүүрсний асуудалтай холбоотой 5.4 тэрбум төгрөгийн хахуулийн асуудал илчлэгдсэн

Засгийн газар өнөөдөр 09:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар хийгдэж буй шалгалтын талаар хэлэлцсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр АТГ-аас нүүрсний асуудалтай холбоотой хяналт, шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргал "АТГ-аас "Эрдэнэс таван толгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендэр сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн тусгай зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад даваа байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обектод нэгжлэг хийсэн. 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ажиллаж байна. Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна.

Нүүрс борлуулалтын талаар, ЭТТ компани 2018-2022 оны 12 дугаар сарын 1-ний хооронд давхардсан тоогоор 633  нүүрс борлуулалтын гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны талаар,  ЭТТ компани нь 2018-2022 оны 12 дугаар сарын 1-ний хугацаанд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг тендэр зарласан" гэв.