Луис Энрике Испанийн шигшээг орхилоо

Испанийн шигшээ баг шөвгийн 16-д Мароккод ялагдсаны дараа Луис Энрике дасгалжуулагчийн үүрэгт ажлаа орхилоо. Өдгөө 52 настай тэрэээр 2018 онд дасгалжуулагчийнхаа үүргийг хүлээн авч, Испанийг Евро 2020-ийн хагас шигшээд хөтөлсөн юм.

Испанийн хөлбөмбөгийн холбоо (RFEF) "Луис Энрике болон түүний багт баярлалаа" хэмээн албан ёсны хуудсандаа бичжээ. Улмаар 21 хүртэлх насны багийн дасгалжуулагч Луис де ла Фуэнтег шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилохыг санал болгожээ. Даваа гарагт Испанийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөл уг томилгоог хэлэлцэх юм.

Катарт болсон хэсгийн эхний тоглолтдоо Испани Коста Рикаг 7:0-ээр бут ниргэсэн ч Германтай 1:1-ээр тэнцэж, Японд 2:1-ээр хожигдсон тул хөгжөөн дэмжигчид нь тэднийг "уйтгартай хөлбөмбөг тоглолоо" хэмээн шүүмжилж байв. Шөвгийн 16-гийн тоглолтод 120 минутын турш гоол оруулж чадалгүй Мароккогийн шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдан ДАШТ-ийг орхисон билээ.