ХХОАТ-ын өөрчлөлт нь 10 сая төгрөгөөс доош цалинтай болон хувиараа бизнес эрхэлдэг иргэдэд хамаарахгүй

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оноос мөрдөгдөнө. 

Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авахаар байгаа юм. 

Энэ талаар Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1,300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл юм" хэмээв.

Дэлхий дээр татварын орлогын шаталсан системтэй 160 орон байдаг аж. Татварын шаталсан системгүй улсын тоо 10 хүрэхгүй бөгөөд үүний нэг нь манай улс юм байна.