Зураач А.Чадраабал “Олон улсын урлагийн шагнал” хүртжээ

МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал Спартакийн Хаан “Менелао”-гийн нэрэмжит “Олон улсын урлагийн шагнал” хүртжээ.

Шагналыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Итали улсын Лече хотын “Итали дахь дэлхийн урлаг” академи соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг урлаг, шинжлэх ухаан, соёлын салбарын зураач, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдыг алдаршуулах ёслолын үеэр гардуулсан байна.

Энэхүү  шагналыг Монгол Улсаас анх удаа зураач А.Чадраабалын “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж олгожээ.

Тус шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ. Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний ​​эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.

Зураач А.Чадраабал 2022 онд Луврын музейн дэргэдэх Carrousel du LOUVRE үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 38 орны 130 зураач уран бүтээлч, олон улсын 54 урлагийн галерей оролцсон “SALON INTERNATIONAL D’ART CONTEMPORAIN’’ олон улсын 30 дахь удаагийн экспо үзэсгэлэнд “Хөх морьд’’ цуврал, Итали улсын Венец хотноо "BIENNALE ARTBOX EXPO" Globalise the artworks International Exhibition олон улсын үзэсгэлэнд "Оршихуй-2022" цуврал 3 бүтээл, Швейцарын Холбооны улсын олон улсын “ARTBOX” урлагийн байгууллагаас зохион байгуулдаг урлагийн төсөл хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнд “Хувьсал” цуврал уран бүтээлээрээ оролцжээ.

Мөн “Дэлхийн урлаг” олон улсын сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарын хавтсыг Швейцар улсын Цюрих хотноо зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд оролцсон А.Чадраабалын “Хувьсал” /2022. Зотон тос. 200х250 см/ зургаар чимжээ. Энэчлэн дэлхийн олон үзэсгэлэнд оролцож, Европын урлагийнхны анхаарлыг татсанаар 2022 оны шагналыг хүртэж, 2023 оны хүндэт гишүүн болсон төдийгүй  Итали улсын “МUSA” урлагийн байгууллагаас зохион байгуулсан “We Contemporary-2022” дэлхийн 30 орны 100 зураач, уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнд “INFINITE SOURCE” цуврал бүтээлээрээ оролцож, шилдэг 10 уран бүтээлчийн нэг, мөн 11 дүгээр сард болсон энэ үзэсгэлэнгээс шилдэг 15 уран уран бүтээлчийн нэг болсон юм.