Дархан-Уул аймгийн шатахууны нөөц агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, ээлж солилцож байсан гурван хүн амь эрсэдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Галыг унтраахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид болон Улаанбаатар, Эрдэнэт, Зүүнхараагаас нэмэлт хүч очиж ажилласан юм. 

Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраалаа.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан юм.

Энэхүү савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан.

Мөн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход 1 иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.