Д.Гантөгс үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит үндэсний бөхийн залуучуудын УАШТ арваннэгдүгээр сарын 19-20-нд Дархан-Уул аймгийн Биеийн тамир спорт хорооны зааланд болсон байна. 12 дахь удаагийн тус тэмцээний нэгдүгээр шатанд 96 бөх найман хэсэгт, хоёрдугаар шатанд 40 бөх дөрвөн хэсэгт хуваагдан барилдаж шилдэг 12 бөх шигшээд тойргийн журмаар өрсөлдсөн аж.

Барилдаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат “Аварга” сургуулийн бөх, сумын заан Дашнямын Гантөгс алтан медаль хүртэн, залуучуудын улсын аварга болжээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Нямсүрэнгийн Амгаланбаатар хоёрдугаар байр, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Булганхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн начин Цогтбаярын Мөнхбаяр гуравдугаар байрт орсон аж. Медальтнууд ижил есөн даваа, хоёр унаатай дуусгасан бөгөөд Д.Гантөгс нөгөө хоёрыгоо давснаар түрүүлэх болзлоо хангажээ.

Шигшээ барилдаанд: Нэгдүгээр байр Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх сумын заан Дашнямын Гантөгс, хоёрдугаар байр Дундговь Эрдэнэдалай сумын харьяат ЗХ-ний Алдар спорт хорооны бөх сумын заан Нямсүрэнгийн Амгаланбаатар, гуравдугаар байр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат ЗХ-ний Алдар спорт хорооны бөх аймгийн начин Цогтбаярын Мөнхбаяр, дөрөвдүгээр байрт Хэнтий аймгийн Мөрөн сумын харъяат, Алдар спорт хорооны бөх сумын начин Нэргүйбаатарын Уугангэрэл, тавдугаар байрт Ховд аймгийн Манхан сумын харъяат, Аварга ДС бөх Гончигсүрэнгийн Батзориг, зургадугаар байрт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх сумын заан Пүрэвжавын Нямжав, долдугаар байрт Архангай аймгийн Ихтамир сумын харъяат аймгийн начин Өнөрбаянгийн Шийрэв, наймдугаар байрт Төв аймгийн Заамар сумын харъяат Дүнжингарав дэвжээний бөх сумын заан Бат-Очирын Ган-Эрдэнэ, есдүгээр байрт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Бөхбилэгт дэвжээний бөх сумын заан Оргилсайханы Доржсамбуу, аравдугаар байрт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат сумын заан Дэмүүлийн Саранцогт, арваннэгдүгээр байрт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Алдар спорт хорооны бөх сумын начин Ганзоригийн Төгсжаргал, арванхоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Хантайшир дэвжээний бөх сумын заан Манлайбаатарын Өсөх-Ирээдүй нар тус тус шалгарсан байна.