Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэж байгаа билээ.

Сарын аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид аюул осолгүй ажиллах ёстой гэдгийг мэддэг боловч зарим тохиолдолд хайнга ханддаг. Анхаарал сулардаг. Хариуцлага алддаг. Болгоомжгүй үйлдэл хийдэг. Дүрэм журмаа дагадаггүй. Үүнээс болоод ажлын байрны осол гэмтэл буурахгүй байна. Ажилтан хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахын тулд хоёр зүйлд анхаарах нь чухал байгаа юм. Нэгдүгээрт, хууль тогтоомж, дүрэм журам нь боловсронгуй, бодит байдалд нийцсэн, стандарт, шаардлага нь ойлгомжтой, цэгцтэй байх хэрэгтэй. Энэ бол үндсэндээ төрийн ажил. Хоёрдугаарт, тухайн байгууллагын хариуцлага, ажлын байрны соёл, ажилтан хүний хандлага, ухамсрын асуудал. Хэчнээн сайн дүрэм журам батлаад түүнийг хэрэгжүүлдэггүй бол осол гэмтэл гарсаар л байна. Тиймээс хууль дүрмээ сайжруулахын зэрэгцээ хүмүүсийн ухамсар, хандлагад тасралтгүй нөлөөлсөөр байх нь осол гэмтлийг багасгах үр дүнтэй арга юм" гэв.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэж байна.