Монгол Улсын Их Хурал-Европын парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалт болж өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурал-Европын парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Фэрри, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мүрг тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын талаас УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, С.Бямбацогт, Б.Баттөмөр нар оролцсон юм. 

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо: Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, энэ дотроо УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, эрх зүйн шинэчлэл, Бүс нутаг тэр дундаа Төв Азийн орнуудын харилцаан дахь үүрэг оролцоо, КОВИД-19 цар тахлын дараах боломж, сорилт, МУ-д зориулсан Олон талт баримжаат хөтөлбөрийн тойм, ногоон тогтвортой хөгжил, МУ, Европын Холбоо хоорондын харилцаа, Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлвийг хэлэлцлээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ “Монгол Улс 1990 оны эхэн үеэс бие даасан гадаад бодлого баримталж эхэлснээс хойш манай улс хоёр хөрш орноос гадна бусад улс орнуудтай дотно харилцаатай байхыг эрмэлзмээр ирсэн. Монгол Улс, Европын холбооны нягт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэмжлэг оролцоо чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 

Монгол Улс Европын холбоотой 1993 онд хөгжлийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2007 оноос Олон жилийн баримжаат хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн эхний үе шат буюу 2021-2024 онд 31 сая еврог Ногоон тогтвортой хөгжил, Ардчилсан хөгжил, эдийн засгийн хөгжил гэсэн хоёр тэргүүлэх чиглэлд болон тэргүүлэх чиглэлийг дэмжих арга хэмжээнд төсөвлөсөн. Эхний үе шатны хэрэгжилтийг төсвийн шууд дэмжлэгийн хэрэгжилттэй хамтатган дүгнэнэ. Дараагийн үе шат буюу 2025-2027 оны хөтөлбөрийн төсөв, салбар чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын 2024 оны оны сонгуулиар Засгийн газар шинээр бүрдэн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлах үед хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь улс орны дотоод нөхцөл байдал, гадаад бодлогын харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, санал бодлоо хуваалцах боломжийг олгодог. Бид ардчилал, хүний эрх, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, авлигын эсрэг хоёр болон олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал солилцов.