Ц.Мөнхцэцэг: Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс зарим охид хичээлдээ явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Чуулган завсарласан байгаа энэ үед та ямар ажил амжуулж байна?

-Өнгөрсөн нэгдүгээр сард чуулганаар "Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнд Боловсролын багц хууль, Улс төрийн намын ту­хай хуулийн төслүүд багтаж байгаа. Миний хувьд Улс төрийн намын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсгийг ахалж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд эдгээр хуулийн төслүүдэд са­нал авах хэлэлцүүлгийг  шат дараатай хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг Европын аюулгүй бай­дал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ард­чилсан засаг, хүний эрхийн газрын дарга, экспертүүдтэй хамтран ажиллаж онлайнаар цуврал уулзалтууд хийж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ЕАБХАБ-аас санал зөвлөмж ирүүлэх юм.

Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх гэж байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэд томоохон үр дүн үзүүлэх чухал үйл хэрэг гэдгийг ЕАБХАБ онцолж байгаа бөгөөд Европын Зөвлөлийн Венецийн Комисстой хамтран хуулийн төсөлд санал зөвлөмж өгөх болсон.

Ийнхүү дэлхий дахины ардчилал, хүний эрхийн стандартыг тогтоодог гол байгууллагууд болох ЕАБХАБ, Венецийн комиссын санал зөвлөмжийн дагуу Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн батлах нь Монгол Улсын Ардчиллын индекс өсөх, Авлигын индекс буурахад том алхам болох юм. Мөн Монгол-Европарламентын бүлгийн даргын хувьд удахгүй болох Европарламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хийж байна. Үүний зэрэгцээ сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй ажил, хөрөнгө оруулалтын үйл явцад хяналт тавьж  ажиллах гээд ажил ундарсан хэвээрээ л байна даа.

-Ер нь намрын чуулганы үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал 2021 оны намрын чуулганаа амжилттай хуралдуулж дууссан. Энэ үеэр хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, цар тахлын хоёр жилийн хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийн эрхийг хууль хүчний байгууллагууд хүчээр хязгаарласан зөрчлүүд удаа дараа бүртгэгдсэн тул Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан. Эхнийх нь 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлаар, арванхоёрдугаар сарын 30-нд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар УИХ-ын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулсан. Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, одоо мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжуудыг өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Цаг­даагийн албаны тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудад зохицуулалт хийж, нэг хүний жагсаалыг жагсаал цуглаанд тооцогдох эсэх асуудлыг хуульчилж өгөхөөр төлөвлөж байна.

-Охидод ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй тараах ёстой гэсэн таны жиргээг олон нийт сайшаан дэмжиж байна. Өсвөр насны охидод тулгамддаг  асуудлыг барьж авч, хүний эрхийн мэдрэмжтэй хандаж байна гэж нэг хэсэг нь талархаж байхад нөгөө талд шүүмжлэх хэсэг ч байна. Энэ асуудлыг хуулиар яаж зохицуулах шаардлагатай вэ, ямар боломжууд хараг­даж байна вэ?

-Сарын тэмдэг ирсэн охид ариун цэврийн хэрэглэл, сарын тэмдгийн эрүүл ахуйн боловсрол, бие засах газар, гар угаах газраар дутагдаж байвал бид туйлын ядуурлыг зогсоож чадахгүй гэж НҮБ үздэг. 500 сая хүн сарын тэмдгийн эрүүл ахуйг хангаагүй амьдардаг гэсэн тооцоо бий. Энэ 500 сая дотор Монгол Улсын орлого багатай иргэд, охид ч мөн орно. Тэдний олонх нь эрүүл мэндэд аюултай материал ашигладаг гэх судалгаа бий. Иймд хүний эрхийн хуульчид сарын тэмдгийг аюулгүй зохицуулахын тулд “tampon tax” буюу татвараас чөлөөлөх кампанит ажил өрнүүлдэг юм.

Дундаж болон дунджаас дээгүүр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд бол асуудалгүй. Харин  орлогын хувьд дунджаас доогуур, өргөн хэрэглээний хүнсээ ч хангалттай авч чаддаггүй айл өрхийн охидын асуудал орхигдсоор байна.  

Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс, эсвэл сургууль дээрээ энэ асуудлаас болж эвгүй байдалд орсон охид хичээлдээ явахгүйд хүрч  байгаа нь  хүний эрхийн зөрчил гэж олон улсад үздэг. Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр Монгол Улс ч дэлхийн  улс орнуудын жишгээр шат дараалалтай бодлого явуулах хэрэгтэй. Эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн  хэрэглэл байрлуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль бүрт ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байрлуулах зэргээр бодит ажил болгож, өргөжүүлэх хэрэгтэй.

-Ариун цэврийн хэрэглэлийн дутмагаас болж хүнд байдалд орж байсан тодорхой кэйсүүдээс дурдахгүй юу?

-Орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлах наймдугаар ангийн охины сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл байхгүйн улмаас ор хөнжлийн даавуунаас урж, хэрэглэснийг дотуур байрны эрхлэгч нь мэдээд биед нь халдсан,  зодсон гэдэг мэдээлэл бий. Түүнчлэн зарим охинд сарын тэмдэг ирэх үеийнх нь сэтгэл хөдлөл, гутрал насан туршид нь нөлөөлөхүйц гэмтэл үлдээдэг. Анги дээрээ эвгүй байдалд орж, шоолуулсан бол хичээлд явах сонирхолгүй болох зэрэг сөрөг үр дагавар гардгийг мэргэжлийн сэтгэл зүйчид хэлж байна.

-Дэлхийн 21 улсад охидод ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй олгодог хуультай гэлээ. Ийм шийдвэр гарахад иргэд нь ямар байдлаар хүлээж авсан бол. Улмаар санхүүжилтийг нь яаж шийдсэн байдаг вэ?

-Шотланд  ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгосон хууль баталсан анхны улс. 2020 онд батлагдсан энэ хуулиар ариун цэврийн хэрэглэлийг эмийн сан, сургууль болон залуучуудын клубт үнэгүй болгосон.

Их Британийн Засгийн газар хоёр жилийн өмнө 11-18 насны охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах Засгийн газрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь Их Британийн мянган эмэгтэйн дунд явуулсан 2017 оны судалгаагаар тэдний 10 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдаж авах боломжгүй, 15 хувь нь хүндрэлтэй худалдаж авдаг бол 12 хувь нь  ариун цэврийн хэрэглэл орлуулагч ашигладаг гэсэн тоо баримт гарсан.

Мөн сургуулийн сурагчдыг ариун цэврийн хэрэглэлээр үнэгүй хангахыг шаардсан жагсаал Лондонгийн төв гудамжинд болж 2000 гаруй хүн оролцсон. Дээрхээс гадна Шинэ Зеланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох шийдвэр гаргасан байдаг.

-Францад охид, эмэг­тэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед ажил, хичээлээс чөлөөлдөг юм билээ. Харин манай улсад үүнийг ичгэвтэр байдал мэтээр хүлээж авдаг нийгмийн хандлага байдаг шүү дээ. Тэгэхээр хүний заяагдмал эрхтэй холбоотой асуудал гэдгийг ойлгуулахын тулд ямар алхмуудыг хийх нь зөв бэ?

-НҮБ-ын Хүүхдийн сан болон АНУ-ын Эморийн Их сургуулийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр "Нийгмийн ажлын хөгжлийн төв" ТББ "Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд:Өсвөр насны охидын дадал хэвшил болон тэдний боловсрол, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг ойлгох нь" сэдэвт судалгааг хийж байсан. Судалгаагаар сарын тэмдэг нь ирсэн охид, ялангуяа сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд олон хүндрэлтэй тулгардаг нь ажиглагдсан байна.

Тухайлбал, бусдаас ичиж зовох, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүйтэх, хичээлдээ оролцох идэвх сулрах, ангийнхнаасаа зай барих, хичээлээс анхаарал нь сарних зэрэг олон асуудал байна. Эдгээрийн улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх буурах, цаашлаад хичээлээ таслах явдаг гардаг. Тиймээс сарын тэмдэг бол ичих зүйл биш гэдгийг багаас нь ойлгуулж, ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээлийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

-Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл тараахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэв үү. “Энэ мөнгөөр ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр барих шаардлагатай. Болсон болоогүй хууль санаачилж, татвар төлөгчдийн мөнгийг халамж хэлбэрээр тараах гэлээ. Хэний шахааны бизнес ороод ирэв” гэхчлэн иргэд хардаж эхэллээ. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Хөдөө орон нутаг ба хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна. Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн, биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ариун цэврийн хэрэглэлийн үнэ өртөгт ч нөлөөлнө. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэйг дээр онцолсон.  Үүний тулд судалгаа, гарц гаргалгаа хэрэгтэй. Үнэ төлбөргүй олгох асуудал нь гарц гаргалгаануудын л нэг хувилбар юм. Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн статистик тоо байна. Нэг охинд сард 5-10 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэглэл олгоно гэж тооцвол сард 1-2 тэрбум  орчим төгрөг  шаардагдана.

Харин зөвхөн зорилтот бүлгийн охидод олгоно гэвэл энэ төсөв даруй хэд дахин багасна. Төсвөөс шийдэхэд хүндрэлтэй гэж үзвэл дотуур байр болон гэр хорооллын сургуулиуд эхний ээлжинд олон улсын  болон бусад байгууллагуудын дэмжлэгээр эхлүүлж болох юм. Энэ тухайд бид эдийн засгийн болон бусад тооцоо судалгаанууд хийж байна.

-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд танаас асуумаар байна л даа. Олон жил яригдсан энэ хуулийн төслийн гол концепци нь юу вэ. Ямар, ямар шинэ заалтууд тусгагдаж байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь улс төрийн намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, намын санхүүжилт, түүнд тавих хяналтыг хүчтэй болгох, намын бүтэц дотоод ардчилсан байдал, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна зэрэг шинэчлэлүүд орж байна. Одоо байгаа хуулиар улс төрийн намд ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Тэгвэл шинэчилсэн найруулгаар улс төрийн намд тодорхой үүргүүдийг хүлээлгэж байна. Тухайлбал, ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, олон нийтийн санаа бодол төлөвшихөд нөлөөлөх, төр иргэдийн хооронд идэвхтэй холбож ажиллах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, төрийн албанд ажиллах чадвартай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн, шударгаар оролцоно зэргээр заасан.

-Одоо мөрдөгдөж байгаа хуульд улс төрийн намуудын санхүүжилтийг ил зарлах ёстой гэдэг боловч тунхаглалын шинж чанартай байж ирсэн. Харин шинэ хуулиар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх бол?

-Намын орлого зарлага ил тод байна гэдгийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан байдаг. Намын бүх хөрөнгө, гишүүдийн татвар, хувь хүн, аж ахуйн хандив, төрөөс олгож байгаа санхүүжилтийг нам жилд хоёр удаа тайлагнана. Жишээлбэл, улс төрийн нам УИХ-д нэг суудал авбал төрөөс 10 сая төгрөгийн дэмжлэг авдаг. Манай нам гэхэд Их хуралд 62 суудалтай, тэгэхээр 620 сая төгрөг төрөөс авдаг гэсэн үг. Үүнийг яаж зарцуулдаг вэ гэдэг зарцуулалтаа тайлагнах ёстой. Одоогийн хуульд намын санхүүжилт, зарцуулалт, тайланг нарийн тодорхой зааж өгөөгүй.

Тиймээс энэ хуулийн шинэчлэлээр бүх тайланг ил тод болгоно. Төрөөс олгож байгаа санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийн улс төрийн оролцоог хангахад зарцуулна. Мөн намд олгож байгаа төрийн санхүүжилтийн 15 хүртэлх хувийг намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагад олгоно. Үүнийгээ намууд нэг бүрчлэн танилцуулна. Хэрэв тухайн нам санхүүгийн тайландаа алдаа гаргавал алдаа засах хуулийн хугацаа олгоно. Тайлангаа үнэн зөв гаргаагүй, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол төрөөс олгох санхүүжилтийг зогсоох, алдаагаа дахин давтвал улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.

-Хуулийн төсөлд намуудын үүрэг, ха­риуц­лагыг нэлээд нэмэг­дүүлэхээр заалтууд ор­сон гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь Үндсэн хуульд байгууллага, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн томьёолол оруулсан. Нам гэдэг бол ард түмний улс төрийн хүсэл зориг олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх төр ард түмний хооронд байнгын идэвхтэй харилцаа холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх гэх үүргүүдийг улс төрийн намд хүлээлгэсэн.

-Улс, орон нутгийн тендерт оролцсон этгээд дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглоно гэв үү. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Шинэчилсэн найруулга дээр намын санхүүжилтийг шилэн болгох, тайлангаа олон нийтэд хэрхэн мэдээлэх тал дээр шинэ заалтуудыг оруулсан. Намын гишүүдийн татвар хэрхэн бүрдэх, хандив ямар замаар цуглах, ямар нь хандив өргөж болох, болохгүй байх, төрөөс олгосон санхүүжилтийн тэтгэлгийг эргэж хэрхэн тайлагнах зэргийг маш нарийн заагаад өгчихсөн.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцсон иргэн болон хуулийн этгээд, тухайн тендерийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Энэ нь төрөөс зарлагдаж байгаа тендер худалдан авалтад оролцохын тулд, эсвэл дараа нь шан харамж болгон хандив өгөхийг хориглож байгаа гэсэн үг. Хандив өгч байгаа иргэнийг хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлно. Хэрэв хандив өгөх эрхгүй этгээдээс хандив авсан бол түүнийг улсын орлого болгоно. Хандивлагчийн нэр хаяг, бүртгэл хөтөлж, тайландаа хавсаргана.

-Гишүүдийн татварыг хэрхэн заасан бэ?

-Шинэ хуулийн төслийн дагуу тухайн намын үзэл баримтлал, үйл ажиллагааг дэмжиж гишүүнээр элсэж, бодлогод  оролцож татвар төлдөг хүнийг гишүүн, харин татвар төлөхгүй намын үйл ажиллагаанд дэмжин оролцдог иргэнийг дэмжигч гишүүн гэдэг ангиллаар ялгаж өгсөн. Нэг иргэн хэд хэдэн намыг дэмжигч байж болно. Тухайн намаас намын сонгуульд өрсөлдөх, намаас нэр дэвших хүсэлтэй байвал татвараа төлөөд намын өмнө тодорхой хариуцлага хүлээж, намын гишүүн болох боломжтой. Ингэснээр намын гишүүдийн татвар төлөлтийг урамшуулах, нам нь гишүүдийнхээ бага хэмжээний санхүүжилтээр санхүүжилтээ бүрдүүлэх ийм зарчим руу орж байна.

-Улс төрийн намыг ямар тохиолдолд татан буулгах вэ?

-Намыг татан буулгах нэг эрх зүйн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, терроризм үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацист буюу фашист нам болсон тохиолдолд олон улсын хүний эрхийн конвенцууд, олон улсын жишгийн дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр нам татан буугдана. Үүнээс бусад тохиолдолд нам татан буулгахгүй.

-Олон намын тогтол­цоотой парламентын засаглалтай хэрнээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин ээлжлэн төр барьж ирлээ. Ер нь жижиг намууд яагаад томорч өгөхгүй байна вэ. Томрох онолгүй байдаг юм уу?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 40 гаруй улс төрийн нам байгуулагдаж, үүнээс 10 гаруй нь татан буугдсан байдаг. Эдгээр нь сонгуулийн бус үед идэвхгүй, хэн нэгэн хүний нам байх, эсвэл компанийн эзэмшлийн байх зэргээр оршиж ирсэн. Аливаа улс төрийн намд гарааны олон өрсөлдөөний тэгш боломжуудыг олгох ёстой байдаг.

Намуудын үйл ажиллагааг хэт боосон хязгаарласан байдал нь ардчиллын суурь зарчимд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс УИХ-д суудал аваагүй ч сонгуулийн үр дүнгээр сонгогчдын гурав хүртэлх хувийн санал авсан тохиолдолд төсвөөс дэмжлэг авдаг байх зохицуулалтыг тусгасан.

Энд ямар дэмжлэг байх вэ гэхээр тухайн саналд үндэслэн мөнгөн болон шууд бус дэмжлэг байна. Мөн уулзалт, хэлэлцүүлгийн заал танхимаар хангах, хэвлэл мэдээллийн цаг гаргах зэргээр дэмжинэ.

Эх сурвалж: Өдрийн сонин М.Мөнхцэцэг