Ц.Мөнхцэцэг: Ариун цэврийн хэрэглэлийг бүх дунд сургууль, дотуур байранд хүрэлцээтэй хэмжээгээр байршуулмаар байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар охидын ариун цэврийн хэрэглэлээр үнэ төлбөргүй хангах асуудлыг хуульчлах нь зөв гэсэн санаачилга өрнүүлээд буй билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодруулж ярилцлаа.

-Охидыг ариун цэврийн хэрэглэлээр үнэ төлбөргүй хангах тухай санаачилгыг Монголд яагаад хэрэгтэй гэж Та үзэв?

-Орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлах наймдугаар ангийн охины сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл байхгүйн улмаас дотуур байрныхаа ор хөнжлийн даавуунаас урж, хэрэглэснийг дотуур байрны эрхлэгч мэдээд гарыг нь хугартал зодсон кейс гарсан. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

НҮБ-аас охидын сурч боловсрох эрхийг хангах асуудлуудын нэг нь ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй байдал гэж үздэг. Монгол Улсын хувьд хүн амын 50 хувь нь хөдөө орон нутагт боловсон жорлонгүй, орчин үеийн ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байна.

Ийм нөхцөлд охидын эрүүл мэндийг дэмжих үүднээс нүхэн жорлонг өөрчлөх, улмаар охидод ариун цэврийн хэрэглэл хүртээмжтэй хүргэх асуудлыг ярихаас өөр аргагүй юм. УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан өнгөрсөн жилээс Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 819 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг зохион байгуулж, БШУЯ хэрэгжүүлж байгаа.

Үүний дараагийн алхам болгож охидод, тэр дундаа хөдөө орон нутаг, зорилтот бүлгийн охидод ариун цэврийн хэрэглэлийг хангалттай хүртээмжтэй болгох асуудлыг гарган тавьж байна. Бидний дэвшүүлсэн охидод ариун цэврийн хэрэгсэл тараах санаачилгыг олон нийт дэмжин хүлээн авчээ. Энэ асуудлаарх судалгааны дүн гарсан байна лээ.

Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн 2020 оны статистик тоо байна. Нэг охинд сард 5-10 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэгсэл олгоно гэж тооцвол сард 1-2 тэрбум төгрөг шаардагдана. 

Монгол Улсад урьд өмнө төрийн бодлогын түвшинд хөндөгдөж байгаагүй, хаалттай явж ирсэн, охид бүсгүйчүүдийн жижиг асуудал, бараг ярих ёсгүй, ичгэвтэр сэдэв гэгдсэн сарын тэмдэг, ариун цэврийн хэрэглэлийн асуудлыг анх ингэж сөхөж тавихад олон нийт, сэтгүүлчид, эцэг эхчүүд, хүүхэд, залуус ингэж хүлээн авч дэмжиж байгаад үнэхээр талархаж байна. Хүний эрхийн мэдрэмжтэй шинэ үеийнхэн бий болсон байна, хүүхэд охидын эрхийн асуудлаар зоригтой ярих цаг болсон гэдгийг энэхүү дэмжлэг харуулж байна.

-Гадны улс орнууд энэ талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс олон охин хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Тухайлбал, Шотланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгосон хууль баталсан анхны улс.  

Их Британийн Засгийн газар хоёр жилийн өмнө 11-18 насны охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах Засгийн газрын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Шинэ Зеланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох шийдвэр гаргасан байдаг.

-Охидыг ариун цэврийн хэрэглэлээр хангахад жилд 24 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Ямар үндэслэлээр гаргав?

-Хөдөө орон нутаг ба хотын захын гэр хороололд усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу, дотуур байранд эсвэл айлд амьдардаг охидод эцэг эхийн халамж, анхаарал дутдаг зэрэг нийгэм болон орчны сөрөг хүчин зүйлс нь дээрх бэрхшээлүүд үүсэхэд нөлөөлж байна. Түүнээс гадна гэр бүл болон сургуулийн орчинд охидод үзүүлэх нийгэм сэтгэлзүйн, биет дэмжлэгийн чанар, хүртээмж хангалтгүй, ариун цэврийн хэрэглэлийн үнэ өртөгт ч нөлөөлнө. Тийм болохоор уг асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараалласан арга хэмжээ авах хэрэгтэйг дээр онцолсон. Ингэхийн тулд судалгаа, гарц гаргалгаа хэрэгтэй. 

Ариун цэврийн хэрэглэл бол тансаг хэрэглээ биш. Зайлшгүй авах ёстой хэрэглэгдэхүүн. Гэхдээ нийгмийн тэгш бус байдлаас болж зарим охид сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах ёсгүй.

Үнэ төлбөргүй олгох асуудал нь гарц гаргалгаануудын нэг л хувилбар юм. Гэхдээ Монгол Улсын бүх эмэгтэйчүүд, охидод өгнө гэсэн үг биш. Манай улсад 11-18 насны 220 мянга 225 охин бий гэсэн 2020 оны статистик тоо байна. Нэг охинд сард 5-10 мянган төгрөгийн ариун цэврийн хэрэгсэл олгоно гэж тооцвол сард 1-2 тэрбум төгрөг шаардагдана. Харин зөвхөн зорилтот бүлгийн охидод олгоно гэвэл энэ төсөв даруй хэд дахин багасна.

Төсвөөс шийдэхэд хүндрэлтэй гэж үзвэл дотуур байр болон гэр хорооллын сургуулиудад эхний ээлжинд олон улсын болон бусад сайн дурын байгууллагуудын дэмжлэгээр эхлүүлж болох юм. Энэ тухайд бид эдийн засгийн болон бусад тооцоо судалгаанууд хийж байна. Гэхдээ энэ асуудлыг бас сайтар судалж үзэх шаардлагатай.

-Монгол Улс иргэдийнхээ хувийн ариун цэврийн хэрэглэлийг хариуцах хэмжээний чадамжтай улс гэж Та үзэж байна уу?

-Ариун цэврийн хэрэглэл бол тансаг хэрэглээ биш. Зайлшгүй авах ёстой хэрэглэгдэхүүн. Гэхдээ нийгмийн тэгш бус байдлаас болж зарим охид сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах ёсгүй. Гадны улсад сурдаг, ажилладаг иргэд тухайн улсынхаа ариун цэврийн өрөөний тав тухыг чухалчлан ярьдаг. Гэтэл манай улсад ариун цэврийн өрөө, цаашилбал 00-н цаас нь хүртэл үнэтэй. Уг нь бол хүний амьдралын анхан шатны суурь хэрэгцээ. Энэ хэрэгцээг тансаг хэрэглээ мэтээр ойлгодог хүмүүс бий. Ариун цэврийн хэрэглэл тараах тухайд олон гарц гаргалгаа бий. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрээр явуулсан ч болно. Үүнийг судалж байгаа.

Эхний ээлжинд зорилтот бүлгийн охид, хөдөөгийн сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй байршуулах ажлыг эхлүүлнэ. 

-Нийтээр нь хангахаас илүү зорилтот бүлэгт нь хүргэх талаар судалбал ямар вэ?

-Бусад улс орны жишгээр бүх дунд сургуулийнхаа орчин, дотуур байруудад хүрэлцээтэй хэмжээгээр байршуулмаар байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр жилийн цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлтэй уялдуулан эхний ээлжинд зорилтот бүлгийнхээ охидуудад олгох боломжтой. Ингэхдээ тухайн охидын нэр хүндэд халдахгүйгээр хүний эрхийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

-Мөн бэлэн мөнгө хэлбэрээр өгвөл зориулалтаараа зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломжгүй. Ямар хэлбэрээр тараавал зохистой гэсэн санал Танд байна вэ?

-Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш маш олон иргэн надад хандсан. Тэр хэрээрээ олон гарц гаргалгаа хэлж байсан. Эхний ээлжинд зорилтот бүлэг буюу хөдөө орон нутгийн сургуулиуд, дотуур байранд амьдардаг охид, хотын захын дүүргүүдийн сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байрлуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрээр хамтарч ажиллаж болно. Иргэний нийгмийн байгууллагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах, эрхийн бичиг эсвэл ваучер хэлбэрээр тараах гэх мэт олон гарц гаргалгааг судалж хандах болно.

Энэ асуудлыг хүмүүс дэмжиж байгаа боловч шүүмжилсэн, эсэргүүцсэн байр суурь бас цөөнгүй байна. Урьд өмнө охид эмэгтэйчүүдийн сарын тэмдэг, ариун цэврийн асуудлыг ингэж төрийн бодлогын түвшинд нээлттэй тавьж ярьж байгаагүй учраас гайхаж эргэлзэх, хэтэрхий жижиг асуудал яриад байна гэх хүмүүс мэр сэр байна. Мөн төр дэх шахааны нэг бизнес болчих вий, яг хүрэх ёстой зорилтот бүлэгтээ очихгүй, авлига, ашиг сонирхлын замаар төсвийн хөрөнгө үргүй зарлагадахвий гэсэн болгоомжлолыг хэлж байгаа юм. Урьд өмнөх төрийн тендерүүд олон удаа ийм замаар завхарч, анхны зорилго биелэгдэхгүй, хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байсан гашуун түүх байгаа тул бид ийм байдал руу оруулахгүйн төлөө, хэрэгжилт дээр ямар шийдэл, хувилбарууд байж болохыг судалж, үр дүнтэй хэрэгжүүлэх болно.

-Энэ саналаа ажил хэрэг болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Нэгэнт энэ асуудлыг дэвшүүлж тавьсны хувьд Ч.Ундрам гишүүн бид хоёр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Бусад гишүүд, иргэний нийгмийн байгууллагынхан, залуучууд, багш нар, дэмжигч байгууллагуудтай хамтран эхний ээлжинд зорилтот бүлгийн охид, хөдөөгийн сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй байршуулах ажлыг эхлүүлнэ. Одоо бид судалгаа, эдийн засгийн тооцооллыг хийж байна.

Эх сурвалж: Gogo.mn