Солонгост хууль бусаар амьдарч байгаа гадаад хүүхдүүдэд ВИЗ олгох шийдвэр гарчээ

БНСУ-ын Хууль зүйн яамнааc өөрийн улсад хууль бусаар амьдарч байгаа хүүхдүүдэд виз олгох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр гаргахдаа удаан хугацаанд тооцоо судалгаа хийж,  хүний эрхийн байгууллагуудын саналыг сонссон байна.

Ямар хүүхдүүдэд виз олгох вэ? 

-Солонгост төрсөн, Солонгост 15 жилээс дээш амьдарсан, одоо дунд, ахлах сургуульд сурч байгаа болон ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

-Солонгост төрсөн, мөн бага насны 6 нас хүрээгүй байхдаа Солонгост орж ирсэн, ирээд 6 жилээс дээш амьдарсан, одоо бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа эсвэл ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

-Нярай байхдаа орж ирсэн, нялхаасаа хойш ирээд 7 жилээс доош амьдарсан, одоо Солонгосын бага, дунд ахлах сургуульд суралцаж байгаа болон ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд

-Сургуульд суралцаж буй хүүхдүүдэд түр оршин суух D-4 виз олгох бөгөөд ахлах сургуулиа төгссөний дараа ч цаашдын сурч боловсрох эрх, ажилд орох зэрэгт тухайн хүүхдийн ажил мэргэжлийн чиг хандлагад тохирсон оршин суух статус олгох юм байна.

Тодорхой мэдээллийг Гадаад иргэдийг дэмжих  төвийн  1345 залгаад #7 дарж монгол ажилтнаас лавлах боломжтой  юм байна.

Түүнчлэн Солонгост хууль бусаар байсан хугацааны торгууль төлөх эсэх  зэрэг мэдээллийг урьдчилан лавлахыг зөвлөж байна.

Мөн үүнтэй холбоотой хууль зүйн товчоо болон холбогдох хувийн байгууллагад өндөр төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх тусламжийг Гадаад иргэдийг дэмжих төвийн Монгол ажилтнуудаас авах боломжтой гэнэ.