Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр оруулж эхэллээ

Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ.

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм.
Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нар  хоёр улсын хилийн дундын “0” цэгээс ачаа, барааг тээвэрлэж байна.