Өнөөдрөөс бүх цэг дээр сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн" Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Түүхий нүүрсийг нийслэлд оруулж ирэхгүй байх журам нь хурааж авах, төрийн өмч болгох зохицуулалттай. Зөрчил их гарч байгаа нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлөлсөнтөй холбоотой. Тус зөрчлийг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж ажиллаж байгаа. Мөн агаарын чанарт өөрчлөлт оруулж байгаа өөр олон хүчин зүйлс байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах хороо арга хэмжээ авч ажиллаж байна. Нэг тоо дурдвал угаарын хийн эрсдэлд өртөж байгаа айл өрхийн 95 хувь нь стандарт бус зуух ашиглаж байна. Иймд өвөлжилтийн бэлтгэлдээ стандарт зуух ашиглахад айл өрх анхаарах шаардлагатай"гэлээ. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал" Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн.  Өмнөх долоо хоногийн байдлаар 9 өрхийн 17 хүн угарын хийн хордлогод өртсөн гэх дуудлага ирсэн. Угаартсан шалтгаан нь энгийн монгол зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан гэх шалтгаантай байсан. Мөн өнөөдрөөс бүх цэг дээр сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авах шийдвэр гарсан. Иймд иргэд өөрт ойрхон цэгүүдэд сайжруулсан шахмал түлшний шуудайг тушаах боломж бүрдээд байна"гэлээ.