МҮБХ-ноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг албан ёсоор зарлалаа

Монгол Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаж, тэдний В сорьцоо шинжлүүлэх хүсэлттэй холбоотой асуудалд мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "МҮБХ-ноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээллэсэн. Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэв.

Эргэн сануулахад, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулагдсан. Улмаар “Тус барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан байдаг. Ингэхдээ шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрвөөс нь илэрсэн. Тус бөхчүүд B сорьцийн шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгсөний дараа МҮБХ-ноос нэрсийг тодорхой зарлана” хэмээн мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр нэрсийг нь ийнхүү албан ёсоор зарлалаа.