Төв аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын санд засвар, шинэчлэлт хийлээ

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, яруу найрагч, орчуулагч, Монгол Улсын нам, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиож буй өдөр буюу өчигдөр Төв аймгийн нийтийн номын сангийн засвар, шинэчлэлтийн нээлт боллоо.

Соёлын дэд сайд М.Батбаяр үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ, Төв аймгийн нийтийн номын санг шинэчлэн орчин цагийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн тав тухтай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр, бүхий л талын дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, БНСУ-ын Пёнтек хотын болон Төв аймгийн удирдлагуудад Соёлын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Орон нутгийн уншигчид стандартын шаардлага хангасан шинэхэн номын сандаа гэр бүл, хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүн төрөлхтний оюун ухааны арвин их бүтээлтэй цахим хэлбэрээр танилцах цахим уншлагын танхим, уншигчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн болон насанд хүрэгчдийн уншлагын танхимаар үйлчлүүлэх өргөн боломж бүрджээ.

Үүд хаалга шинэчлэн нээж буй номын сан маань ном унших соёлыг дэлгэрүүлэх үйлсийг дэмждэг, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээдэг, ном унших арга барилд суралцах, бие даан суралцахад туслах, хөгжихөд туслах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна” гэлээ.

Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор тус аймгийн ИТХ-ын 2016 оны 8 дугаар сарын 4-ний 13 дугаар тогтоолоор аймгийн Нийтийн номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болгож, 2020-2021 онд орон нутгийн төсөв, БНСУ-ын Пёнтэк хотын 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү номын санд засвар шинэчлэлийг хийж “Хүний хөгжил-мэдээллийн цахим төв” байгуулах хүрээнд 20.0 сая төгрөгийн цахим ном, тоног төхөөрөмж авч суурилуулсан юм.

“Д.Нацагдоржийн танхим” шинэчлэн тохижуулж, Төв аймгаас төрөн гарсан зохиолчид, сэтгүүлчид, эрдэмтдийн оюуны бүтээлийн сан хөмрөг байгуулах зорилт тавин, номын сангийн тавилга хэрэгслийг орон нутгийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилснээ өчигдөр хүлээн авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Монгол, Солонгосын эдийн засгийн форумын дэд дарга Чо Сун Мүн болон Төв аймгаас төрөн гарсан утга уран зохиолын алдартнууд оролцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.