Ц.Мөнхцэцэг: “Намаас нэр дэвшигчдийг сонгоход хүйсийн төлөөлөл тэнцвэртэй байна” хэмээн хуульчилж өгөх хэрэгтэй

Жендэрийн үндэсний хорооноос "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уг хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал ямар байгаа, эрх зүйн орчин, улс төрийн намуудын санаачилга, сонгогчдын хандлага, төсөөллийг дүгнэх, олон улсын сайн туршлагыг хуваалцахад орших аж.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ЖҮХ-ны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, ЖҮХ-ны Ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Элейн Конкиевич нар оролцож байна. Мөн Койка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн улс төрийн намуудын төлөөлөл, намууд, судлаачид нийт 170-аад оролцогч оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлын индексээр Монгол Улс нэлээд сүүл мушгиж байгаа.

Тухайлбал, Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын 2020 оны тайланд манай улс 153 орноос 71-р байранд орсон. Тайланд дурдсанаар, Монгол улс “Эрүүл мэнд, амьдрах чадвар”, ”Эдийн засгийн оролцоо, боломж” үзүүлэлтүүдээр эхний 40 улс дотор багтсан ч, “Улс төрийн эрх мэдэл”гэсэн үзүүлэлт хамгийн тааруу буюу 0,102 гэсэн индексээр 120-д явж байгаа юм. Үүнийг дагаад МУ-ын хүний хөгжлийн индексүүд, нийгмийн амьдралын индексүүд, авлигын индексүүдээр сүүл мушгиж байна.

Төлөөллийн хувьд шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн төлөөлөл их доогуур байдаг” хэмээн онцолсон юм.

Мөн “Хэдийгээр сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулиар жендэрийн тэгш эрхийг дэмжсэн мэт заалтууд байгаа ч хангалтгүй байгаа. Эмэгтэй хууль тогтоогчид ХАЛАМЖ тэгш бус байдлыг багасгах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг. Эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь өндөр парламент хүний эрх, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг хуулиудыг багтаасан жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлдэг. Эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр боловсрол, эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалтын эерэг үр дүн өсдөг. 

Улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн аудит хийж, ялгаварлан гадуурхалтыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн Эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрд тэгш хангахын тулд сонгуулийн хуулинд квот заагаад, эсвэл сонгуулийн пропорциональ систем рүү шилжчихвэл болчихно гэж бодохгүй байна.

Улс төр дэх жендэрийн асуудал соёл уламжлалын хүчин зүйлээр нөхцөлдсөн, нийгмийн орчин, хэвлэл мэдээллийн орчноос ихэд хамааралтай, ялангуяа улс төрийн намуудын бүтэц, хэв шинж, улс төрийн голлох лидерүүдийн хүсэл зоригоос ихэд хамаарсан асуудал гэж үзэж байна.

Тухайлбал, улс төрд эмэгтэйчүүдэд тавих шалгуур, стандарт эрэгтэй улс төрчөөс ихэд ялгаатай, “double standard” тавигдаж байдаг.

Эмэгтэйчүүдийн квот гэж байх ёсгүй. Харин Үндсэн хуулиар хамгаалагдсан тэгш эрхийн зарчим бий. Тийм учраас Улс төрийн намын болон сонгуулийн тухай хуулинд “Намаас нэр дэвшигчдийг сонгоход хүйсийн төлөөлөл тэнцвэртэй байна” гэсэн заалт оруулах ёстой” гэсэн юм.